Би ихэнхи цагуудыг хамт олон найз нөхдийнхөө дунд өнгөрүүлэх дуртай мөртлөө, аялал зугаалганд ганцаараа явахыг илүүд үздэг.

Найз нөхөдтэйгээ хамт явахад дургүйцэхгүй ч алхах, зураг дарахад анхаарсаар байгаад хэдэн цагаар ч хамаагүй явган явж, дайралдсан хоолоо идэхэд хүмүүс тийм ч дуртай биш гэдгийг мэддэг болохоор тэднээс хамт аялахыг асуухаас ч эмээдэг.

Тиймээс миний хувьд ганцаараа аялах дуртай шалтгаанууд бол:
- Ганцаараа явж байгаа хүнд илүү тааваараа, эрх чөлөөтэй байдгаас гадна, эргэн тойрондоо илүү анхаарал хандуулж чаддаг.

- Орчин тойрны ахуй амьдрал, гудамжаар зөрөгсдийн харилцан яриа, хоол идэж буй хүмүүсийн байр байдал, хотын дуу чимээ, өнгө аясыг ялгаж танихаас гадна шинэ хэлийг ч төвөггүй сурч болно.

- Байгальд аялаж буй бол голын урсгал, шувуудын жиргээ, модны найгах дууг хэнтэй ч хуваалцахгүй гав ганцаараа яг тэр мөчид өөрийн болгох шиг сайхан зүйл үгүй.

- Илүү их биеээ дааж, өөрийгөө сонсож сурна.

Төгс юм гэж хаа ч байхгүй учраас бас хэд хэдэн сул тал бий.
- Аюулгүй байдлын хувьд ганцаараа аялаж буй хүн илүү эрсдэлтэй.

- Зочид буудлуудад нэг хүний хямд өрөө олдоц муутай байдаг.

- Төөрөх, бэртэх үед хэн нэгний тусламж дутагдана.

- Зургаа авахуулахад хажуугаар өнгөрч буй хүмүүсийг гуйх хэрэг гардаг.

Эдгээрээс урьдчилан сэргийлж болох тул санаа зоволгүй хүссэн газартаа хүрэхээс битгий айгаарай.



Магадгүй чамд ч бас аялалын талаарх сэтгэгдэл байгаа бол хуваалцаарай.