
Шинэ он солигдох баяр энэ дэлхийн бүх хүмүүсийн тэр тусмаа эмэгтэйчүүд бидний хамгийн их хүлээдэг баяр билээ. Бүх хүмүүс шинэ оноо баяр хөөртэй, аз жаргалтай, сэтгэл хангалуун, хамгийн дэгжин байдлаар угтахыг хичээдэг.
Гоёлын даашинз, өндөр өсгийт, нүүр будалт, үс засалт, хумс гээд бүсгүйчүүдийн санаа зовж бэлдэх зүйл их.

Гэхдээ энэ бүгдээс илүү эрүүл арьс, гялалзсан үс хамгийн гоё чимэг юм. Харин энэ бүхнийг завгүй явсаар байгаад яг урьд орой нь саунд орж маск тавиад л олчихдог зүйл бас биш.
Үдэшлэгнийхээ хамгийн үзэсгэлэнтэй, харц булаам бүсгүй байхад заавал хамгийн үнэтэй тансаг даашинз өмсөж, мэргэжлийн гоо сайханд орсон байх ёстой биш.
Харин төлөвлөгөөтэйгээр, бага зардлаар арьс үсэндээ арчилгаа хийх хэрэгтэй.
Манай хамт олны зүгээс бүсгүйчүүддээ зориулан хоёр долоо хоногийн хугацаатай гоо сайхны төлөвлөгөөг хүргэж байна.
2 долоо хоногийн өмнө:
Арьс: Биеийн арьсаа гуужуулж, зөөлрүүлэхэд анхаарна.
Байгалийн гаралтай гуужуулагч болон ванны бөмбөлөгтэй усанд орж биеийн алжаал ядаргаагаа тайлж, арьсныхаа эд эс бүрийг баярлуулаарай.

Баярынхаа өдөр холгосон хөлтэй наашаа харж инээн, доошоо харж уйлахыг хэн ч хүсэхгүй. Тийм учраас хөлийн арчилгаа хамгийн чухал.

Орой бүр бүлээ усанд хөлөө дүрж, хөлийн өсгийндөө үрүүр хэрэглэн, иллэг хийнэ.
Үс: Мөн үсэндээ маск тавьж, зөөлөн самнана.
Элдэв химийн бодис, үсний индүү, сэнс зэргийг хэрэглэх нь хуурайшилт үүсгэдэг учир аль болох зайлсхийнэ.
Үүнээс гадна үсээ хүйтэнд аль болох ил гаргалгүй талгай дотроо хийн хуурайшилт, гэмтэхээс хамгаалаарай.

Нүүр: Шинэ бүтээгдэхүүн туршихаас аль болох зайлсхийгээрэй.
Зөөлөн гуужуулагчаар арьсаа гуужуулан, хуулдаг маскаар хар батгаа цэвэрлэнэ.
Хөндүүртэй зүйл гарсан бол шахалгүйгээр өөрөөр нь хатаах арга хэмжээ аваарай.
Мөн орой бүр мөсөөр нүүрээ арчих нь арьсыг чангалж, сэргээнэ.
Зовхины маскыг сайтар хэрэглэснээр нүдний эргэн тойрон дахь үрчлээнүүдээ багасгаж болдог.
Энэ хугацаанд өөртөө зориулан гоёмсог уруулын будаг зэргийг худалдан авч, нүүр будалтын шинэ шинэ аргуудыг ч туршиж үзэхэд гэмгүй.
Үсний засалт, даашинзныхаа санаануудыг ч интернетээр хайлт хийх цаг юм.
Нэмэлт: Тураах дэглэм, бүтээгдэхүүн хэрэглэж, дасгал хөдөлгөөн хийгээрэй.
Долоо хоногийн хугацаанд:
Хэдхэн хоноод л баярт орох болсон тул гүйцэтгэх ажилдаа шамдан ороорой.

Арьс: Боломжтой бол вакс, саун зэрэг үйлчилгээ авах ба аль эсвэл гэрийн нөхцөлд шар үс хуулах болон, ванны давстай усанд орно. Давс нь арьсан дээр гарсан батгыг хатааж, арьсны өнгийг сэргээдэг.
Цайруулах болон тэжээл өгөх тосыг биедээ болон гарандаа түрхэнэ. Энэ долоо хоногт хамгийн чухал нь арьсаа гэрэлтүүлэхэд анхаарна.

Нүүр: Хөмсөгөө засах, мөн нүүрний илүүдэл арьснаасаа салах цаг болжээ.
Тэжээлийн тос, чийгшүүлэх бүтээгдэхүүн түлхүү ашиглан арьсныхаа өнгийг сэргээж, залуужуулна.
Өмсөх даашинзандаа зориулан өнгө хослох маникьюр, педикьюрийг гар хөлөндөө хийлгэж, нүүрний будалт, үс засалтаа ч шийдэх хэрэгтэй.

Ёолкны өмнөх орой
Илүү дутуу зүйлд санаа зовнилгүй тайван амрах хэрэгтэй. Дутуу нойртой хоноод маргааш нь улаан нүд, ядарсан арьстай харагдахыг хэн ч хүсэхгүй, санаа зовлоо гээд асуудал шийдэгдэх биш.
Арьс чангаруулах маск тавиад, урууландаа бальзам түрхээд хоно.
![]()
Хэрвээ нүүрний чинь хаа нэгтээ үсээгүй батга гарсан бол түргэн үйлчилгээтэй батганы түрхлэг, тос хэрэглэ.
Цүнхэндээ яаралтай үед хэрэг болох зүйлс:
- Шилэн трико
- Өнгөгүй хумсны будаг
- Шархны лент
- Сүлбээр зүү
- Чих ухдаг хөвөн
- Үнэртэй ус,
- Амны цацлага зэрэг зүйлсээ хийхээ мартуузай.

Бүсгүй чиний баярын орой хэзээ ч мартагдахааргүй, аз жаргалаар дүрэн өнгөрөхийг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн,
Born_in_UB