Стиль зөвлөгөө: Минималист стиль

Та нарынхаа ирүүлж байсан хүсэлтүүдийн дагуу минималист стилийн талаар мэдээлэл бэлдлээ.

Дашрамд хэлэхэд миний бяцхан блогийг сонирхон уншиж, Фэйсбүүк хуудсаар минь дамжуулан санал бодлоо дамжуулдаг та нартаа баярлалаа, хайртай шүү.

Энэхүү сэдвээр олон стилистүүд, блоггеруудын нийтлэл, мэдээллүүдийг олж мэдэж болох тул илүү өөрийн амьдралын туршлага талаас нь ярихыг хүслээ.

Энэ стиль нь трэндлэг биш харин сонгодог шинж чанартай, хэзээд ч үнэтэй харагддагаараа онцлог.

credit: Harper&Harley

Минималист стилийг ойлгохоосоо өмнө минималист үзэл санаатай хүнийг ойлгох хэрэгтэй.

Товчхондоо, минималист гэх үзэл санаа нь цөөнийг илүүд үзсэн Зен буддизмын үзэл санаанаас гаралтай амьдрах ухаан гэж ойлгож болно.

Минималист стиль ч үүний нэгэн адил цөөн зүйлсийн нэгдлийг илүүд үзэх ба дан цулгай өнгө болон Монограм өнгөний хослолыг зонхилно.

Мөн хамгийн чухал нь чиний шүүгээнд байгаа хувцаснууд чинь бүгд хоорондоо хослодог ба эдэлгээ сайтай, чиний биеийн хэлбэр, дүр төрхөнд хамгийн их зохидог төрлийн хувцаснууд байх ёстой.

Тийм ч учраас минималист стилийн өнгөний сонголт ихэвчлэн бүх өнгөтэй хосолдог завсрын болон саармаг /Хар, саарал, цагаан, цайвар шаргал гэх мэт/өнгөнүүд байдаг.

Эдгээр өнгөнүүд мөн бүх төрлийн өнгийн арьстай хүмүүст зохидогоос гадна хоорондоо ч мөн ялгаагүй уусгалттай зөв харагддаг.

Гэхдээ минималист л гэхээрээ зөвхөн эдгээр өнгийн хувцсыг өмсөнө гэсэн үг биш.

Ач холбогдол ихтэй хүрэм, гутал, өмд зэргээ эдгээр өнгөөр бүрдүүлээд өөрийнхөө дуртай өнгөөр тодотгож өгвөл илүү сонирхолтой, загварлаг харагдана.

Би л хувьдаа хар өнгийг ихээхэн таашаадаг бөгөөд дан хар хувцас өмссөн үедээ уруулаа час улаанаар будах юм уу аль эсвэл хар бариу цамцны дор тод цэнхэр өнгийн юбка өмсөж хослуулах дуртай.

Минималист стилийн гол зарчим нь жигд оёдол бүхий цулгай дан өнгийн нэгэн жигд материалтай ба нэмэлт оруулгатай оёдолтой хувцас давамгайлна.

Үүний онцлог нь орчин үеийн бөгөөд илүү загварлаг харагдуулахад оршино.

Цөөхөн боловч эдэлгээ сайтай, чамд хамгийн гоё зохидог хувцаснуудаар шүүгээгээ бүрдүүлээрэй. үүний тулд өөртөө ямар төрлийн эсгүүр, загвартай хувцас илүү зохидогийг олж мэдэх хэрэгтэй.

Миний хувьд минималист стильд дурлах болсноос хойш 5 жилийн хугацаанд өөрт яиар төрлийн хувцас илүү зохидог болохыг олж мэдэхийн тулд багагүй цаг хугацаа зарцуулсан. Үүнийхээ дараагаар өмсөх шаардлагагүй хувцас хэрэглэлүүдээ хаяхыг нь хаяж, заримыг нь хандивласан.

Үүний дараа хувцас болон гутал, цүнх, гадуур хувцас, гоёл чимэглэл үнэртэй ус зэрэгтээ маш анхааралтай төлөвлөгөөтэй хандаж эхэлсэн.

Одоо миний шүүгээний хувцаснууд багассан ч өөртөө үлдээхээр шийдсэн хувцаснууд маань ихэвчлэн хоорондоо зохицдог, эдэлгээ даадагаас гадна арчилгаа багатай болохоор өглөө болгон юу өмсөх вэ гэж хугацаа шаардсан, өөрийгөө ядраасан бодолд орохоо ч больсон.

Мөн би өөртөө хувцас худалдан авах бол зөвхөн одоо өмсөж байгаа хувцас маань элэгдсэн, солих шаардлагатай болсон тохиолдолд л орлуулах зорилгоор дэлгүүр явдаг болсон.

Тиймээс минималист стиль нь зөвхөн гоё ганган харагдаад зогсохгүй, санхүүгийн хувьд ч хэмнэлттэй.

Өмнө нь хвцас аваад дуусгачихдаг байсан мөнгөөрөө одоо би шинэ хоббигоо хөгжүүлэхэд, олон нийтийн арга хэмжээнд оролцох, аялахад зарцуулж эхэлсэн.

Тиймээс залуу охидууд болон гэрийн эзэгтэй, завгүй бүсгүйчүүдээ Минималист стилийг сонирхоод үзээрэй.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл асуултаа коммэнт хэсэгт бичих болон манай Фэйсбүүк хуудсаар дамжуулан ирүүлээрэй.

Амжилт хүсье.

Published by BorninUB

Fashion Blogger

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started