Тасалгааны ургамлаар гэрээ тохижуулах нь

Гэртээ цэцэг тарьдаггүй айл цөөхөн.

Амьд организмыг гэртээ байлгах нь эрүүл мэндэд төдийгүй, сэтгэл зүйд ч эерэгээр нөлөөлдөг.

Тасалгааны цэцэг ургамлуудыг цэцэг гаргадаг, навчит, шүүслэг ургамал гэж ерөнхий 3 бүлэгт хуваана. Навчит ургамлын насжилт урт хугацаатай байх ба арчилгаа бага шаардагддаг бол цэцэглэдэг ургамлууд дотроо ургуулалт болон арчилгаанаасаа хамааран богино болон түр зуурын насжилттай байдаг. Харин шүүслэг буюу та бидний мэдэхээр суккулент, зуун наст, кактус зэрэг нь тасалгааны ургамлуудын төрлөөс хамгийн урт насладаг нь юм.

Харин энэ удаа та бүхэнд гэрийн интерьер дизайныг тасалгааны цэцгийг ашиглан сайжруулах, гоёмсог орчин бүрдүүлэх ач холбогдол талаас нь бичихийг хүслээ.

Тасалгааны ургамлаар өрөө тасалгаа, орчныг чимэглэх нь интерьер дизайны хамгийн хямд төсөр мөртлөө хамгийн үр нөлөөтэй хэрэгсэл байсаар ирсэн.

Тиймд:

  • Усалгаа, гэрэлтүүлэг хамгийн бага шаардагддаг.
  • Тасалгааны агаар цэвэршүүлдгээрээ хамгийн сайн.
  • Гэрийн интерьер орчинг сайжруулахад хамгийн үр нөлөөтэй зэргээр нь түүвэрлэсэн 12 нэр төрлийн цэцгүүдийг онцолж танилцуулж байна.

Эдгээр 12 ургамлууд маань цэцэг ногоо арчлах дургүй, чаддаггүй, амархан үхүүлчих гээд байдаг, мөн цаг зав багатай хүмүүст хамгийн тохиромжтой цэцэгнүүд юм.

  1. Мөнхрөө (Snake plant)

Ургалт: Нас бие гүйцсэн мөнхрөө урт нь 1м – 1.5 м өргөн нь 50 см хүрдэг

Хөрс: Сийрэг, элсэрхэг

Усалгаа: Хөрс нь хуурай үед л услах ба 7-14 хоногт 1 удаа

Гэрэл: Шууд болон шууд бус гэрэлд аль алинд нь тохиромжтой.

Сөрөг тал: Нохой, муур зэрэг гэрийн тэжээвэр амьтанд харшил өгөх талтай.

Мөнхрөө нь орчны агаарыг хамгийн их цэвэршүүлдэг ургамал бөгөөд агаарт тогтсон хорт хий буюу азотын хий, формальдегид, ксилол,толуол зэргийг цэвэршүүлдэг эрүүл мэндийн ач холбогдлыг нь НАСА-с хүртэл нотолсон байдаг.

Урт нарийн хэлбэртэй энэхүү цэцгийг минималист болон модерн стилийн вааранд болон сүлжмэл сагсанд хийх зэргээр чимэглэж болно.

Давжаа мөнхрөө

2. Ногоодой (Spider plant)

Бага байхад сургууль, ангийн цонхны тавцангаар дүүрэн байдаг байснаар нь энэ цэцгийг маш сан санаж байна.

Энэхүү цэцэг нь мөлхөө, босоо хэлбэрээр болон усанд суулгах зэрэг бүх төрлөөр ургах чадвартай. Тиймээс гэрийнхээ тохижилтод өөрийн хүссэн хэлбэртээ тохируулан ургуулж болно.

Агаар цэвэршүүлэх ба хорт бодисуудыг өөртөө шингээдэг.

Ургалт: Өндөр 60см

Хөрс: Хуурай, сийрэг

Гэрэл: Шууд болон шууд бус

Усалгаа: Тогтмол

Сөрөг нөлөө: Муурын төрлийн амьтанд галлюцинаци тусгах магадлалтай.

3. Нөмөргөнө (Peace Lily)

Өмнөд Ази болон Америк тивээс гаралтай энэхүү үзэсгэлэнтэй цэцэг нь арчилгаа маш бага шаардагддаг ба урт настай.

Агаарыг цэвэршүүлэхээс гадна хөгч, нян бктэри үржихээс сэргийлдэг.

Ургалт: Өндөр 12-65 см

Хөрс: Хуурай сийрэг

Гэрэл: Сүүдэрсэг газар тохиромжтой

Сөрөг тал: Тэжээвэр амьтан идсэн тохиодолд сөрөг нөлөөтэй.

Модерн стилийн цулгай ваараар чимэглэнэ.

4. Годонхой (Flamingo Lily)

Ягаан Годонхой

Халуун орны урт хөлт үзэсгэлэнт шувууны нэрээр нэрлэгдсэн энэхүү цэцэг нь ургахдаа маш үзэсгэлэнтэй харагддаг.

Гэрэл: Гэрэлсэг учир нарны шууд тусгалтай газар байршуулна.

Хөрс: Хуурай

Усалгаа: 7 хоногт 1 удаа

Тод өнгийн цэцэг гаргадаг учраас цайвар болон завсрын өнгөтэй вааранд хийнэ.

5. Цахирмаа цэцэг (Orchid)

Нил ягаан цахирмаа

Гэрийнхээ тохижилтод цэцэгийн гоёмсог өнгийг нэмэхийг хүсвэл энэ цэцэг маш тохиромжтой.

Цэцэг нь хатахдаа удаан бөгөөд арчилгаа багатай.

Гэрэл: Гэрэлсэг тул нарны тусгал сайтай газар байршуулна.

Усалгаа: 7 хоногт 1 удаа

Гоёмсог загвартай метал болон шавар вааранд хийж цулгай орчинд байршуулснаар өрөө болон орон зайг маш тансаг, гэгээлэг харагдуулна. Барууны баян айлууд эрхэм тансагаа гайхуулахын тулд болон ус чийгийн тэнцвэртэй байдлыг хадгалахын тулд цахирмаа цэцгийг угаалгын өрөөндөө байршуулдаг байна.

6. Удамбор (Ficus)

Удамбор

Энэхүү модлог ургамал нь орчиндоо дасан зохицохдоо маш сайн ба ургалт нь хурдан. Томрох тусмаа хортой агаарыг шүүх чадвар нь өндөрсдөг ба нас бие гүйцсэн ургамал 180 см хүртэл өндөр ургадаг байна.

Албан тасалгаа болон өрөөний буланд өндөр ургасан удамборыг байршуулах нь орог зайн өнгө үзэмжийг ч нэмэгдүүлнэ.

Хөрс: Хуурай

Гэрэл: Тод гэрэлтэй газар байршуулна.

Усалгаа: Долоо хоногт 2-3 удаа

Сөрөг зүйл: Нохой, муур гэрийн тэжээвэр амьтан идсэн тохиолдолд хортой.

Та минималист болон модерн, скандинавийн стилээр гэрээ тохижуулах бол энэ ургамлыг завсрын өнгөтэй гоёмсог хэлбэрийн вааранд хийж байршуулаарай.

7. Монстера

Навч нь томрох тусмаа салангид хээ үүсдэг энэхүү гоёмсог ургамал гэрийн интерьерийг чамин бөгөөд эрхэмсэг харагдуулна.

Нас бие гүйцэхээрээ 80 см хүрэх ба авант-гард загварын өндөр вааранд хийвэл өнгө үзэмж нь улам нэмэгдэж харагдана.

Гэрэл: Сүүдэрсэг газар тохиромтой.

Хөрс: Элсэрхэг эсвэл хуурай хөрс

Усалгаа: Долоо хоногт 1 удаа болон хөрс нь бүрэн хатсан тохиолдолд.

8. Зуун наст

Арчилгаа багатайгаас гадна эрүүл мэндийн ач холбогдолтой ургамал гэдгийг хэн бүхэн мэдэх бизээ.

60-100 см хүртэл ургах чадалтай ба интерьерийн хуюьд маш гоёмсог чимэглэл болж чадна.

Гэрэл: Гэрэлсэг

Усалгаа: 3 долоо хоногт 1 удаа сайтар усалж болно.

Хөрс: Элсэрхэг болон хуурай хөрс.

Гоёмсог шавар вааранд хийснээр минималист болон модерн, скандинавийн маягийн тохижилтод тохиромжтой.

9. Суккулент (Succulent)

Суккулент нь дотроо олон төрөл байх ба ямар ч орчинд сайн дасан зохицож ургаж чаддаг тэсвэр сайтай ургамал юм. Энэ төрлийн ургамлыг өрөөний дотоод засалдаа тохируулан ваар, байршуулалт зэргийг сонгож болно.

Гэрэл: Гэрэлсэг тул нарны шууд болон шууд бус тусгалтай газар байршуулна.

Хөрс: Хуурай сийрэг хөрс

Усалгаа: Хөрс нь гүйцэд хатсаны дараа усална.

Сөрөг тал: Нохой мууранд харшил илэрч болзошгүй.

10. Кактус

Өрөөнд болон албан тасалгаан дахь хамгийн түгээмэл ургамлын нэг.

Сүүлийн үед энэ ургамлыг архитекторууд болон интерьер дизайнерууд өрөө тасалгааны дотоод засалд ер бусын мэдрэмжийг төрүүлэхийн тулд гоёмсогоор ашиглах болжээ.

Та бүхэн ч бас энэхүү ургамлыг өөрсдийн гэртээ болон албан тасалгаандаа илүү бүтээлчээр ашиглахад болохгүй нь юу байх билээ.

Гэрэл: Гэрэлсэг

Хөрс: Элсэрхэг, хуурай хөрс

Усалгаа: Хөрс гүйцэд хатсаны дараа

11. Луу мод (Dracaena Warneckii)

Африкийн халуун бүсээс гаралтай энэхүү ургамал нь илд шиг навчаараа алдартай ба нас бие гүйцэх үедээ 120 см хүртэл өндөр ургах ба суккулент төрлийн ургамал юм.

Өрөө тасалгаанд байгалийн мэдрэмжийг авчирна.

Гэрэл: Гэрэлсэг

Хөрс: Хуурай сийрэг хөрс

Усалгаа: Долоо хоног бүр тогтмол усална.

12. Аглаонема (Chinese Evergreens)

Гэрт амьд, байгаллиг уур амьсгал төрүүлэхээс гадна агаарт үүссэн бензолын хэмжээг бууруулдаг тустай халуун орны ургамал юм.

Том далбагар навч нь орчныг дүүргэж харагдуулах тул өөрийн гэрийн дотоод засалд тохируулан ямар ч төрлийн вааранд суулгаж болно.

Гэрэл: Сүүдэрсэг

Хөрс: Элс, перлит, зориулалтын хөрс

Усалгаа: Тохируулж усална. Хэт их болон хэт бага усалж болохгүй.

Сөрөг тал: Нохой, муур, Морь зэрэг амьтдад сөрөг нөлөөтэй.

Бяцхан зөвлөмж:

  • Тасалгааны ургамлын ваарыг 2-3 жилд нэг удаа 20%-иар томруулан солино.
  • Хэт олон өөр өнгийн ваарыг тавих нь гэрийн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлдөг.

За ингээд тасалгааны ургамал арчлах болон гэрээ тохижуулахад чинь амжилт хүсье.

Published by BorninUB

Fashion Blogger

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started