Яагаад хувийн стиль чухал вэ?

Стилээ олох нь өөрийгөө ойлгож, таньж мэдэх үйл явцын үр дүн юм.

Монгол эмэгтэйчүүдийн ихэнх нь өөрийн гэсэн стильгүй. Яагаад гэвэл бид өөрийн гэсэн стилийг бүрдүүлэхээс илүү нэг нэгнээ дуурайж хувцаслах дуртай байдаг.

Эргэлзэж байгаа бол өөрийнхөө шүүгээг нэг ажиглаад үзээрэй. Хувцаснууд дотор чинь хөөрхөн, цэвэрхэн харагдаж байна гэсэн найзынхаа магтаалаар шийдвэр гаргаад авсан, аль нэг олон нийтийн сүлжээн дээрх модель бүсгүйн өмссөн нь гоё харагдаад авсан хэн нэг эмэгтэйн өмсөж байгаа нь таалагдаад авсан хувцас зөндөө байгаа.

Бид зөвхөн өөртөө таалагдах гэж биш эргэн тойрныхондоо таалагдах гэж хувцасладаг учраас ийм сонголтууд тийм ч буруу биш. Тиймээс ч тренд, загварын чиг хандлага, моод гэдэг бол хувцас загварын ертөнцийг бүрдүүлдэг зүйл, бид ч үүнийг дагаад сурчихсан байдаг.

Харин үе үеийн загварын ертөнцийн Их Багш нар загварыг биш өөрийн гэсэн стилийг илүү онцолж ярьсаар ирсэн нь учиртай.

Ер нь стиль гэж юу вэ? Бид стиль гэхийг сонсоод ганган, чамин хувцаслах, моодны байх зэргээр төсөөлдөг. Гэхдээ стиль нь ганган трэндлэг байхаас хавь илүү өргөн утга санаатай ойлголт юм.

Учир нь Загвар, моод гэдэг түрхэн зуурын хугацаатай байдаг бол Стиль мөнхийн зүйл юм. Чи бүрдүүлсэн стилээрээ өөрийгөө бүрэн илэрхийлж чадвал чиний дүр төрх, бие хүн цаг хугацааг дамжин хүмүүсийн сэтгэлд хоногшдогийг мөнхийн гэж тайлбарлажээ. Жишээ авах хүмүүс: Мерилин Монро, Чарли Чаплин

Стилийг яаж бүрдүүлэх вэ?

Энэ сэдвээр бичихийн тулд миний хувьд нэлээдгүй судлах, унших шаардлагатай болсон ба унших тусам энэ сэдвийн үзүүрийг олоход улам бүр л хол санагдаж байлаа. Энэ нь бидний бодсон шиг гоё ганган хээнцэр байхаас илүү гүнзгий утга учиртай, ач холбогдолтой зүйл ажээ. Илүү бие хүний хувьд өөрийгөө таньж мэдэх арга зам, үзэл бодол, үнэт зүйлээ олох эрэл юм байна.

Тийм ч учраас стиль бүрдүүлэхээс загварлаг байх нь хурдан амархан учраас олон эмэгтэйчүүд бие биенээ дуурайх болон олны таашаалд нийцсэн имижийг бүрдүүлэхийг илүүд үздэг байх.

Өөрийн гэсэн стилийг бүрдүүлэх үйл явцад өөрийгөө бүрэн ойлгож, илэрхийлэх зориг шаардагдахаас гадна бусдын эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарах тэвчээр ч бас шаардлагатай болдог байна.

Хүмүүст таалагдахгүй байсан ч өөртөө таалагдсан хувцаслалтыг сонгож өмсөх зоригтой байх хэрэгтэй. Бас үүнийг тань зөв дүгнэлт өгөх хүмүүсийн саналыг сонсох нь бас чухал. Тийм ч учраас олны танил хүмүүс өөрсдийн гэсэн стилийг бүрдүүлэхэд хувийн стилистүүдийг сонгодог. Үүнээс улбаалан Барууны болон Азийн зах зээл дээр Personal Stylist, Celebrity Stylist, Style Agency зэрэг бизнесийн шинэ орчин, ажил мэргэжлүүд үүсэн гараад байгаа билээ.

Тиймээс найз минь чи өөртөө зорилго тавьж өөрийнхөө цорын ганц дахин давташгүй стилийг бүрдүүлээрэй.

Миний хувьд өөрийгөө ойлгож таньж мэдэх үйл явцыг гадаадад суралцаж байх хугацаандаа туулсан ба энэ үеээс миний стиль, үзэл санаа бүрдэж эхэлсэн гэхэд болно. Гэхдээ энэ эрэл маань одоо ч гэсэн дуусаагүй байгаа.

Илүү ихийг олж мэдье гэвэл манай Стиль зөвлөгөө булангаар зочлоод стилийн тухай нийтлэлүүдийг олж уншаарай.

2021 он чиний хувьд өөрөө өөрийгөө таньж мэдэх их аялал байх болтугай.

Амжилт хүсье.

Born in UB

Published by BorninUB

Fashion Blogger

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started