Минимализм нь гадаад хэв маяг, стиль биш сэтгэлгээ юм. Өөрийн цаг зав, мөнгө, ур чадварыг хамгийн чухал, цөөн зүйлсэд зориулж сурах. Үнэхээр хэрэггүй бол хичнээн шунаж дурлаж байсан ч авалгүй хажуугаар нь өнгөрч сурах, үнэтэй авсан байсан ч одоо чамд ямар ч хэрэггүй бол хэрэгтэй хүнд нь өгч сурах, эсвэл хаяж сурах ухаан юм.
Миний бие албан ёсоор 2015 оноос өөрийгөө минималист үзэл санаа, амьдралын хэв маяг руу оруулсан ба одоог хүртэл өөрийн амьдралд суулгаж, хувцаслалт, ажил хэрэг эрхлэлт, гэр орноо тохижуулах, чөлөөт цагаа өнгөрүүлэх зэрэг амьдралын бүхий л хэсэгтээ байж болох хамгийн цөөн, зөв сонголтыг хийхийг эрмэлзэн амьдарч байна. Сүүлийн 8 жилийн хугацаанд худалдан авахаас илүү хаяж, аливаа шийдвэр гаргахдаа ч өөрийнхөө болон бусдын цаг хугацаа, үнэт зүйлсэд хайхрамжгүй, үрэлгэн хандахгүй, хувь хүний болон эд зүйлсийн үнэ цэнийг алдуулахгүй байхыг хичээсээр ирсэн.
Минимализм нь Зен Буддизмийн цөөнийг илүүд үзэх онолоос гаралтай ч өдгөө олон орны хүмүүс өөрсдийн амьдралд минималист үзлийг амьдрах ухаанаа болгон амьдарч байгаа ба энэ нь шинэ цагийн амьдралын хэв маяг болтлоо хөгжиж байгаатай холбоотой.
Далайн түвшинд амьдардаг улсын иргэд хүчтэй шуурга, байгалийн давагдашгүй хүчин зүйлс бүхий аймшигт газар хөдлөлт, усны үер, галын аюулд нэрвэгдэн байгаа бүхнээ нэг дор алдсаны дараа нийгмээрээ тэр чигтээ минималист үзэл санаа руу шилжсэн тохиолдлууд их байдаг. Хурааж, хуримтлуулсан хөрөнгө, эд хогшил, хувцас хэрэглэл нь тэгтлээ их амьдралд нь хэрэг болохуйц биш байсныг ойлгосон хүмүүс илүү энгийн, даруу, тайван амьдралыг сонгосоор байгаа билээ.
Хүнд эрт оройгүй юу миний амьдралд илүү хэрэгтэй вэ гэдэг асуулттай тулгардаг. Надад энэ асуулт Тайвань дахь сургуулиа төгсөөд нэг мөсөн гэртээ харих болох үед ирсэн. 3 жилийн турш хурааж цуглуулсан хувцас хунар, будаг шунх, ном дэвтэр, эд хогшлоосоо зөвхөн 2 чемоданд багтаах сонголтыг хийхийн тулд бүтэн 2 долоо хоног зарцуулж билээ. Энэ хугацаанд 1 цамц авснаас нэг ном авч явах нь илүү дээр, 3 хааяа л өмсөх өмд авснаас дандаа өмсөх 1 л чанартай өөртөө зохидогийг нь авах нь илүү дээр гэдгийг ойлгосон. Өөрийгөө ч илүү ойлгох шиг. Яагаад хүмүүс минимализмыг сонгох процесс ердөө л энэ байх.
Минимализм нь одоогийн дэлхий нийтийн тулгараад байгаа асуудлуудын шийдэл билээ.
Би хувьдаа залуу хүмүүс энэ үзэл санаатай аль болох эрт нэгдээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг юм. Яагаад гэвэл амьдралдаа үнэ цэнэ өгч, өөрийнхөө ирээдүйг төлөвлөж буй залууст ихээс цөөнийг илүүчлэх энэ үзэл санаа туслана.
Тренд болж буй бүх юмыг эдэлж хэрэглэх гэж хөөцөлдөж улайрч байснаас юу миний амьдралд хэрэгтэй вэ гэдэг дээр анхаарлаа тавьсан нь дээр.
Энэ нийтлэлээрээ юм битгий худалдаж ав гэж хэлэх гэсэнгүй, гагцхүү өөрийн цаг хугацаа, орон зай, мөнгийг хамгийн чухал гэсэндээ зарцуулаарай гэсэн санаа билээ.
Эд ихт догшин эрдэм ихт номхон гэж манай ардын зүйр цэцэн үг ч бий. Энэ их материаллаг нийгэмд ухаалаг хэрэглээ, сонголт биднийг тайван, эрүүл байхад туслана.
Цөөн зүйлсийг цуглуулан бага стресстэй амьдарцгаая.