“Хар Масс”-с хэрхэн ангид байх вэ?

Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Хар Масс” гэсэн шүүмжлэлийн шинж чанартай нэр томъёог их хэрэглэх болсон. Хүмүүс ч бас өөрсдийн ярианд хэрэглэн, олон нийтийн гаргаж буй буруу үйлдлийг энэ үгийг ашиглан хурцаар шүүмжилж байгаа. Нэг хэсэг “Орк” гэдэг байсантай адилхан гэхдээ илүү нийтийг хамарсан утгатай. “Хар Масс”-ын талаарх нэлээн олон нийтлэлүүдийг уншлаа, бүгд л үнэний ортой, үгүйсгэх аргагүй юм бичжээ. Доор нь бичсэн санал нийлсэн уншигчдын комментууд ч их юм. “Хар Масс” гэж юугаа яриад байгааг мэдэхийг хүсвэл Гүүгл-дээд үзээрэй. Зөндөө илэрц гарч ирнэ.

“Хар Масс”-ууд хаа сайгүй. 21-р зуунаас ч өмнө түүхийн хамгийн эхний цагт ч байж л байсан, хойшид ч байсаар л байна. Улс орон, цаг үеээр хязгаарлах боломжгүй. Сошиал сүлжээ бидэнд “Хар Масс” гэдгийг илүүтэй таниулж өгсөн төдий.

Ингэж бичихээр хүмүүс дотроо хөдөөнөөс орж ирсэн, захын дүүрэгт амьдардаг иргэдийг эсвэл доод дэлгүүрийн бохь зажилсан урт хумстай ааштай хүүхнийг, ажлын газрын бүдүүлэг эгчийг, гудамжинд хэвтэж буй архичин эрийг дотроо төсөөлдөг.

Гадаадад сургууль төгссөн, дарга захирал, брэндийн хувцас өмсөж зүүдэг, Монголоос явчихсан, олон хэлтэй, мөнгө төгрөгтэй бол “Хар Масс”-д орохгүй гэж боддог. Олон хүүхэд төрүүлсэн амьдралын арвин туршлагатай бол “Хар Масс”-ыг сургаж, хүмүүжүүлэх эрхтэй гэж өөрсдийгөө тооцдог.

“Хар Масс” бол баян ядуугийн ялгаа биш, мэдлэг боловсролын зааг ч биш юм. Энэ бол цэвэр сэтгэлгээний асуудал.

  • Та гадаад дотоодын их сургуульд суралцаж төгсөж ирээд мэргэжлээрээ боломжийн ажил хийж байгаа ч ажлынхаа хамт олныг гадаад үзэмж, албан тушаалаар нь ялгаж харьцдаг бол “Хар Масс”-ын нэг.
  • Та эрүүл хооллож, зөв амьдралын соёлыг түгээдэг ч өрөө буцааж төлөхдөө хойрго бол та “Хар Масс”-ын толгойлогч.
  • Та олон орноор аялж, улс үндэстний соёлтой танилцаж, эх орноо таниулсан ч завхай зайдан тоглоом шоглоом хийх дуртай бол “Хар Масс”-уудын хамтрагч.
  • Та хүний газар олон жил ажил эрхэлж, ар гэрээ тэтгэж буй чадамгай хүн ч архи уухаараа агсан согтуу тавьж, монгол гэж цээжээ дэлддэг бол та “Гадаад дахь Хар Массууд” фэйсбүүк группийн админ.
  • Та бүх насаараа ардын багш хийж насандаа суусан ч танил тал, мөнгө төгрөг хардаг бол “Ахмад Хар Массууд” байгууллагын тэргүүн.
  • Та өнөр өтгөн гэр бүлийг зохиож, олон сайхан хүүхэд төрүүлж өсгөж буй сайн аав, ээж ч үе тэнгийнхээ гэрлээгүй, хүүхэдгүй найзууддаа зааж сургах дуртай бол та бас л “Их мэдэгч Хар Масс” ТББ-ийн идэвхитэн.
  • Та шинэ цаг үед төрж өссөн залуу үеүүдийн төлөөлөгчдийн нэг ч сурч мэдэхийн оронд амар хялбар мөнгө олох аргад дуртай бол та “Шинэ үеийн Хар Массууд” Старт Апын үүсгэн байгуулагч

Ингээд бичээд байвал “Хар Масс”-уудын тодорхойлолт дуусахгүй.

Харин яаж ангид байх вэ гэж үү?

Бусдын алдаа, буруу үйлдлийг хараад шүүмжилдэг шигээ өөр дээрээ давтахгүй байх.

  • Унших, суралцахад цагаа зарцуулах.
  • Хүний яриаг дуустал нь сонсдог байх.
  • Хувиа хичээхгүй, бусдад гай болохгүй байх сонголтыг хийх.
  • Хариуцлагаас зугтахгүй, өөрийгөө өмөөрөхгүй байх.

Нөгөө л бидний бусдад тавьдаг шаардлагууд байгаа биз?

“Хар Масс” хэнийг ч ялгадаггүй. Нас хүйс, гарал угсаа, шашин шүтлэг, ажил мэргэжил бол хамаа ч байхгүй. Та үг үйлдлийнхээ үр дагаврыг ухамсарлахгүй бол “Хар Масс”-с гарахгүй.

Харин ангид байх үгүй нь хувь хүний сэтгэлгээ сонголттой шууд хамааралтай гэдгийг санаарай.

За тэгээд уншигчид минь авах гээхийн ухаанаар хандана биз ээ.

Published by BorninUB

Fashion Blogger

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started