Шагнал

“Наран дээр Түүний чамд өгсөн утгагүй амьдралын бүх л өдрүүдэд өөрийн хайрт эмэгтэйтэй жаргалтайгаар амьдрагтун. Энэ нь наран доорх чиний зүтгэсэн зүтгэл болон амьдралын хувь чинь болой”. Номлогчийн үгс 9:9 Ариун Библи

Хүний амьдралын хамгийн том аз жаргалыг хайр сэтгэлээрээ учирсан гэрлэлт гэж Ариун Библид тодорхойлжээ. Хүн хичнээн их хөдөлмөрлөөд, сурч мэдээд, хорвоо дэлхийн хамаг эд хөрөнгийг хуримтлуулаад, хамгийн дээд эрх мэдэлтэй болсон ч хайртай хүнтэйгээ жаргалтай амьдрахаас илүү их аз жаргалыг мэдрэхгүй гэдгийг маш товч бөгөөд тодорхойгоор энд үгүйлжээ.

Хүний авч болох хамгийн том шагнал, мэдэрч болох хамгийн сайхан жаргал бол хайр ажээ. Хайр гэж санаж, хүсэх, мөрөөдөх, үгүйлэх, баярлах, догдлох, инээх, дүүрэн санагдах, дулаахан мэдрэгдэх зэрэг эерэг мэдрэмжүүдээс гадна гансрах, шаналах, харуусах, тэвчих, ганцаардах, хоосон оргих, даарах, айх зэрэг сөрөг мэдрэмжүүдийг ч агуулдаг, шинжлэх ухаанаар ч батлагдаагүй сэтгэлийн хүч билээ. Энэ сэтгэлийн хүч чиний дотор хэн нэгнээс болон үүсч, чиний амьдралыг орвонгоор нь өөрчлөх үе ирэхэд хайр сэтгэлийн ямар хүчтэй, бас аймшигтайг хүн ойлгодог байх.

Хайр сэтгэлтэйгээ учирсан бол, хайр сэтгэлтэй хүн чинь адилхан мэдрэмжтэй байгаа бол тэр л мөч энэ хорвоогоос мэдэрч болох, энэ амьдралдаа амсаж болох хамгийн том аз жаргал юм байна, хайртай хүн маань намайг хайрлавал би энэ хорвоогийн хамгийн азтай хүн юм байна гэдгээ мэдрэнэ. Би хэн нэгнийг хязгааргүйгээр хайрлах үед нөгөө хүн минь намайг яг адилхан хайрлаж, энхрийлэхийн аз жаргал, баяр хөөрийг яг юутай зүйрлэж болох вэ? Хайртай хүн маань намайг хайрлаж, надтай хамт л байх юм бол би хаашаа ч хамаагүй хамтдаа явахад бэлэн тийн их зориг зүрх надаас гарах байх даа. Бас хайртай хүнээс минь намайг салгачих вий гэж айсандаа жижигхэн зүйл ч тохиолдсон айж эмээнэ. Тэр л үед энэ хорвоог орь ганцаараа туулж буй хүмүүсийг өрөвдөж хайрламаар. Хэнд ч найдахгүй, хэнийг ч хүлээхгүй өдөр хоногийг өнгөрөөж, ур дах зорилгодоо тэмүүлэн амьдарч буй олон мянган хүмүүсийг хүндэлж бишрэхийн хэрээр тэр бүх хөдөлмөрч, дайчин хүмүүс энэхүү номонд хэлсэн шиг хайртай хүнтэйгээ аз жаргалтайгаар амьдрах тэрхүү агуу шагналыг хүртээсэй гэж ерөөе.

Хичээж, зүтгэсэн зүрилго бүхэн чинь, 
Хэн ч хараагүй байхад хийсэн сайн үйлс бүхэн чинь,
Гомдож байсан ч ялархалгүйгээр чимээгүй хөдөлмөрлөсөн ажил бүхэн чинь
Хайртай хүнтэйгээ аз жаргалтай амьдрах хором болон үржигдэх болтугай.

Published by BorninUB

Fashion Blogger

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started