Нийгмийн ухагдахуунд хувь хүний төлөвшлийн асуудал маш их хөндөгдөж яригдаж байна. Сэтгэл зүйн ухаан, хувь хүний хөгжлийн тухай ном, хэвлэл, сургалт хичээлүүдэд энэ сэдвийг маш олон талаас нь тайлбарладаг ба үүнээс үүдэн бид ч өөрсдийгөө “төлөвшил”-д хүргэхийн тулд хэрдээ л хичээсээр байгаа. Гэхдээ бидний хэд маань төлөвшинө гэдэг нь яг ямар утгатайг хэлж чадах вэ?
Төлөвшилт, төлөвшил гэдэг үг нь монгол хэлний толь бичигт: 1.Хүний байр байдал, аливаад хандах хандлагын илрэл 2. Хүний ухаан томоо гэж бичсэн байдаг бол Оксфордын толь бичигт: intransitive. Of a person: to reach full physical and mental development; to attain maturity (тогтвортой. Хүний хувьд: бие бялдар, оюун санааны бүрэн хөгжилд хүрэх; төлөвшилд хүрэх) гэж тус тус тайлбарлажээ.
Дээрх тайлбаруудаас харахад төлөвшил нь хувь хүн нь оюун ухаан болон сэтгэл зүйн хувьд бүрэн хөгжих, өсөж дэвших үйл явдал ажээ.
Мөн төлөвшлийн төвшин нь тухайн хүний мэдлэг боловсрол, эдийн засгийн байдал, бие бялдрын хэмжээ, хэд наслаж байгаагаас илүү аливаад хандах хандлагатай шууд хамааралтай гэж монгол сэтгэхүйгээр тайлбарласан нь илүү онож хэлсэн санагдлаа.
Ухаан томоо буюу ухаан суух, томоожих гэдэг 2 утгын нийлбэр нь төлөвших үйл явцад зөв бурууг ялгах чадвар болон амьдралын туршлага, хашир суух 2 нь хамтдаа явах ёстойг илэрхийлж байна.
Гэхдээ төлөвшилд хүрэх нь хэр хугацаа зарцуулж, хэр их хатуу хөтүүг туулж, хэчнээн эрдэм ном сурсны дараа хуримтлагдах нь маш баримжаагүй, тодорхойгүй билээ.
Хэрхэн төлөвшилд хүрэх вэ? Хорвоогийн бүх мэдлэгийг олж аваад хүн хамгийн төлөвшсөн гэж хэлэгдэх нь зөв үү? Аль эсвэл амьдралынхаа туршид зовлон зүдүүрийг туулж барсан бол төлөвшлийн оргилд гарсан гэсэн үг үү? Уншсан ном, үзсэн газрын тоогоороо төлөвшлийн хэмжээгээ тодорхойлох уу? Үзүүлсэн амжилт, туурвисан бүтээл минь эсвэл намайг илүү төлөвшүүлэх үү? Бие, оюун санааны чадавхиар төлөвшилд хүрэх боломжтой юу? Эсвэл удам угсаа, гарал үүсэл минь миний төлөвшлийг харуулах уу?
Дээрх бүхний аль аль нь байгаа “мундаг” гэх хүмүүсийн ёс зүйгүй авир ухамсаргүй үйлдлүүд даамжирсаар байгаа нь оюун санаа, сэтгэл зүйн төлөвшилд дээрхийн аль нь ч хамааралгүй гэдгийг бидэнд ойлгуулж, мэдрүүлсээр байгаа билээ. Тэгвэл яг юу хүнийг ухааруулж, томоожуулдаг вэ? Төлөвшил нь эдгээрийн алинаар ч хэмжигдэх боломжгүй сэтгэл болон оюун ухааны чадвар юм.
Ухамсар болон эргэцүүлэх чадвар төлөвшлийг ойлгох, ухаанд суралцах, танин мэдэх, эрэлхийлэх, даган дуурайх үйлд хүнийг хөтөлдөг. Кунзийн сургаальд “Бид гурван аргаар мэргэн ухаанд суралцаж болно: Нэгд, тунгаан бодох замаар, хамгийн эрхэм нь; Хоёрдугаарт, дууриах замаар, хамгийн хялбар; Гурав дахь нь туршлагаараа, энэ нь хамгийн гашуун юм.” гэсэн байдаг ба тодруулж хэлбэл: Ухаантай хүн үзэж туулж байж ойлгохоосоо бусдын алдаанаас суралцаж, эргэцүүлэн бодож ойлговол оюун санаа болон сэтгэл зүйн хувьд хурдан төлөвших боломжтой. Мөн өнгөрснөөсөө суралцаж, алдаагаа дахин давтахгүйг хичээх нь бас нэгэн практик арга.
Хэрхэн үр дүнтэй эргэцүүлэн бодох вэ? Зөв мэдээлэл, мэдлэгээр оюун санаагаа дүүргэх, авах гээхийн ухаанаар аливаад хандах, бусдын үгийг маш анхааралтай, тухайн хүнийхээ оронд өөрийгөө орлуулан бодож ойлгохыг хичээх зэрэг нь чиний өмнө нь хэзээ ч харж байгаагүй өнгө, өнцөг байдгийг мэдүүлнэ.
Өвдөж үзээгүй ч тэсэхүйеээ өвдөхийн эрхэнд тусламж гуйж байгаа хүнийг ойлгож энэрэх чадвар, өлсөхийг мэдэхгүй ч хоосон ходоодоо дүүргэхийн тулд юу ч хамаагүй олдсоноо ам руугаа хийж буй хүүхдийг өрөвдөх сэтгэл, өөрөө ээж болж байж ойлгоно гэлтгүйгээр унтмаар байвч халуунтай хүүхдээ эдгээх гээд шөнөжингөө сахиж хонож буй ээжийг хайрлах ухаан чамайг цаг хугацаа, мэдлэг боловсрол, ур чадвараас хавьгүй хурдан төлөвшүүлнэ. Үүнээс үүдэн гарч буй чиний үйлс, үг яриа хэр төлөвшсөн хүн бэ гэдгийг бусдад илэрхийлнэ. Заавал 60 жил амьдарч байж ойлгоно гэж хүлээлгүй одооноос эхлээд суралцах, ухаажих боломжийг ашиглаарай.
Үүнийг уншиж буй чамд саруул ухаан, төлөвшлийг хүсье. Бие бялдар, оюун ухаан, сүнс сэтгэл чинь эрүүл саруул байж, амьдрал чинь хөгжин дэвших болтугай гэж ерөөе.