2018 оны хамгийн эхний нийтлэл: Шинэ оны зорилтдоо заавал оруулах зүйлс

Чамд шинэ он, шинэ жилийн мэнд хүргэе.

Хуучин бүхэн ард хоцорч, бидэнд дахин шинээр эхлэх, шинэ зүйлийг туршиж, шинэ боломжид үүд хаалгаа нээх, өөрийгөө илүү зүйлд сорих дахин нэг мөч тохиож байна.

Айсуй цаг хугацаа, тохиолдлуудыг хэрхэн үр дүнтэйгээр өнгөрүүлэх вэ гэж үү?

Зорилт, зорилт, зорилт гэж ахин хэлмээр байна.

Зорилтоор зорилгодоо хүрч, зорилгоор хүсэл мөрөөдлөө биелүүлнэ. 

Тэгэхээр хүсэл мөрөөдлөө зөв хуваарилж, зорилгоо тодорхойлон, зорилтууддаа хуваана гэсэн үг юм.

Мэдээж нэгхэн жилийн дотор бүгдийг нь биелүүлнэ гэж юу байх вэ.

Тийм учраас зайлшгүй дурдагдах ёстой, орхиж болохгүй зарим нэг зорилтуудыг орууллаа.

Эдгээрт сүнслэг байдал болон зан харилцаагаа сайжруулах, хувийн амьдралаа цэгцэлж, өөрийгөө хөгжүүлэх, эрүүл мэнддээ анхаарах, гадаад үзэмж болон цаг завтаа анхаарал хандуулах зэргээс гадна өөр санаанд оромгүй чухал зүйлс ч дурдагдана.

Эдгээрийг бичиж буй зорилго минь бүгд хамтдаа суралцаж, хөгжихийн төлөө билээ.

Идэх хоолондоо анхаарлаа хандуул

Хүнсний дэлгүүрт ороод харснаа шууд авах биш, он сар өдөр, найрлага, хэрэглэх заавар зэргийг сайтар унш. Хэдхэн секунд анхаарлаа хандуулахад олон муу үр дагавраас холуур өнгөрч чадна.

Гэр бүлийнхэнтэйгээ гаргах цагаа нэмэгдүүл

Утсаар залгахаа ихэсгэж, шалтгаангүйгээр тэврэх, нэг цаг илүү хамт байхад л гэр бүлийнхэн чинь чамаас хайр, халамж мэдрэх болно. Гэр бүлээ хайрла.

Бясалгах – тунгаан бодож, эргэцүүлэх

Ирээдүйн тухай, мөнх бусын тухай, эцэс төгсгөлийн тухай, энэ дэлхийд ирсэн зорилгынхоо тухай зэрэг гүн гүнзгий бодлуудыг өөртөө зөвшөөр. Алсын зорилго, амьдрах утга учир, үнэ цэнээ ч ахин нэг эргэцүүлэх цагийг гаргаарай.

Ус их уу

Эрүүл байхын гол үндэс усыг өөр ямар ч ундаа, цайгаар орлуулшгүй.

Өөртөө тохирсон нэг хоббитой бол

Стрессээ тайлах, цагаа зөв өнгөрөөхөөс гадна зүгээр л аз жаргалыг мэдрэх зорилгоор нэг хобби сонгон, түүнийгээ хөгжүүл. Хүн дуртай зүйлээ хийж байхдаа илүү их төвлөрч бас амарч чаддаг. Нэмэлт орлого ч болохыг үгүйсгэхгүй.

Шинэ хэл сурах

Даяарчлагдаж байгаа энэ үед, бас манай Монгол шиг гадаад харилцаа илүү хөгжих шаардлагатай улсад шинэ хэл сурах нь хамгийн үр дүнтэй. Албан тушаалаа өсгөж, орлогоо нэмэгдүүлэх, мэргэжлээ дээшлүүлэх зэрэгтэй шууд хамааралтай зүйл. Хэл сурсны чинь төлөө тэтгэлэг олгодог улс гүрний том том сургуулиуд хаа сайгүй байна.

Найз нөхдийн хүрээгээ тэлэх

Зөв зорилгын дор цугладаг олон сошиал бүлгэмүүд, цугларалтууд бий. Тэдэнтэй нэгдэж нийгэмд хэрэгтэй зүйл хийнгээ өөрийгөө хөгжүүлж, найзын хүрээллээ тэл. Чиний мэдэхгүй сайн хүмүүс хорвоо дэлхийгээр дүүрэн. Тийм хүмүүсээр өөрийгөө хүрээлвэл хорвоо дэлхий ч өнгөлөг болно шүү дээ.

Орон байраа цэгцэл.

Амьдардаг орчин тойрноо цэгцэлж, хэрэггүй болсон зүйлсээсээ бусдад хандивлаж, өөрчлөлт хийж, илүү минимал орчинг бүрдүүл. Толгой тархи ч сэргээд явчихна.

Мэргэжлээ дээшлүүл

Заавал үнэтэй сургууль дамжаанд явах ёстой гэсэн үг биш. Интернэт гэдэг сайн багшид шавь орж сошиал сайтаар дэмий сэлгүүцдэг цагаа сурч мэдэхдээ зарцуул. Онлайн үнэгүй сайтууд их байдаг. Хувийн анкетаа баяжуулж, хэрэгтэй нийтлэлүүд уншиж мэргэжлийн хэллэгээ ч нэмэгдүүлэн, илтгэл, мэдээ уншиж мэргэжил нэгтэй хүмүүсийн хурал цуглаанд оролцох зэргээр олон хямд төсөр арга замууд бий.

Стрессээ даван туул

Стресс гэдэг өнөөгийн нийгмийн хамгийн аюултай зүйл. Хэзээ ч ханаж цаддаггүй гал шиг олзолсон хүнээ залгиж байж л санаагаа амраадаг. Стрессдэх зүйлс хаа сайгүй байдаг болохоор өртөхгүй байх ч хэцүү. Гэхдээ үүнийг даван туулж болдог. Хүн бүрт энэ арга зам нь харилцан адилгүй, тиймээс өөрийнхөө арга замыг олоорой.

Хувийн тооцооны тэмдэглэл

Залхуутай ч гэсэн энэ зуршил биднийг бодит байдалтай нүүр тулуулдаг.

Тогтмол хөтлөснөөр жилийн эцэст гарах үр дүн нь гайхалтай байх болно. Хэзээ ч авч чадна гэж бодоогүй зүйлсээ ч худалдан авч чадахыг үгүйсгэхгүй.

Аз жаргалтай, баяр хөөртэй байхыг сонго.

Аль замыг нь сонговол би илүү аз жаргалтай болох вэ? гэж өөрөөсөө асууж бай. Гэхдээ энэ аз жаргал бол түр зуурын зугаа цэнгэл биш шүү.

Чанартай цаг

Хайртай хүнтэйгээ хамт байхдаа илүү өөрөөрөө байж, бүрэн цагаа түүндээ зориул. Сонсож, инээж, ярилцаж, хамтдаа зугаал.

Өг, таларх, эелдэг бай.

Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй. Чиний өгсөн өчүүхэн зүйл өөр хэн нэгний амьдралд хамгийн хэрэгтэй зүйл ч байж болно.

Өөрийнхөө сайндаа биш, бусдын өгөөмөр сэтгэл, тусламж байсан учраас өдий зэрэгтэй яваа гэдгээ санан талархах сэтгэлээр хандах нь хамгийн сайхан даруу сэтгэл юм шүү.

Өөр бусдад ч өгөөмөр, эелдэг сэтгэлээр хандаарай.

Биеээ чийрэгжүүл

Аль нэг спортын төрөл, чийрэгжүүлэх дасгалаар хичээллэснээр хүний бие организм ямар их залуужиж, эрч хүчтэй, эрүүл чийрэг болдгийг биеэрээ мэдрээд үзээрэй. Тухайлбал: усан спорт, хөнгөн атлетик, бокс зэрэг нь сурахад амархан бас үр дүн сайтай байдаг.

Чухал өдрүүдээ үргэлж тэмдэглэж байх

Мартаж болохгүй өдрүүдээ дахин сануулж, бэлдэхийг хичээ. Ингэснээр юунаас ч хоцрохгүй, бүх зүйлд урьдчилсан бэлтгэлтэй байж чадна. Ойр дотныхныхоо төрсөн өдрийг ч алдалгүй санаж, богино мессеж явуулж, чин сэтгэлийн мэндчилгээ цаг тухайд нь хүргэж чадна.

Өөрчлөлтийг хүлээн зөвшөөр

Өчүүхэн жижиг төдий өөрчлөлтөөс агуу том өөрчлөлт бүгд л эхэндээ таатай мэдрэмж төрүүлдэггүй ч араасаа үргэлж сайныг дагуулдаг гэдгийг үргэлж санаарай. Хорт зуршил, сул талаа хаях нь хэзээ ч амархан байгаагүй. Тиймээс зориглоод нэг үзээрэй. Амьдрал богинохон шүү дээ.

Бүтээлч, шийдэмгий бай

Үргэлж хийдгээсээ арай өөрөөр нэг хийгээд үз. Ингэвэл яах бол гэсэн сониуч зангаар хийсэн зүйлс ихэнхдээ шинэ дэвшлийг авчирдаг. Бүтэлгүйтэхээс бүү ай. Шийдэмгий зоригтой бай.

Сошиал цагаа багасгаж, унших цагаа ихэсгэх

Ахин дахин ухдаг фейсбүүкээс номны нэг хуудас үр өгөөжтэй. Фейсбүүк танд найз чинь өнөөдөр ямар хоол идсэнийг хэлдэг бол ном танд мэдээгүй нэг зүйлийг чинь ойлгуулах болно.

Өөр хэн нэгнийг халамжилж эхлэх

Зөвхөн өөрийнхөө биш өөр хэн нэгэнд амьдралаа зориулаад үз. Хэрэв та эцэг эх хараахан болоогүй бол. Бусдын төлөө хариуцлага хүлээж, хайрлан халамжлахыг тэжээвэр амьтад, цэцэг ургамлууд юу ч хэлэхгүй ч гэсэн чамд заах болно.

Илүү их инээ

Өөрийнхөө хүүхэд төрхийг гаргахаасаа бүү ай. Бид бүгд л зүрх сэтгэлдээ үргэлж бяцхан хүүхдүүд хэвээрээ байдаг шүү дээ. Тиймээс өчүүхэн зүйлд ч чин сэтгэлээсээ баярлан хөөрч, юмыг илүү гэгээлэг, өөдрөгөөр хар. Амьдрал баялаг, сайхан бүхнээр дүүрэн гэдгийг мэдрэх болно.

Нойр сайн ав

Олон цагаар унтах нь хангалттай биш, хамгийн чухал нь гүн, хангалттай амралт авах нь чухал. Тиймээс унтах орчин нөхцлөө сайжруулж, анхаарал тавих нь чухал.

Тэвчээрт суралц

Энэ бол зан чанар биш харин зуршил. Тэгэхээр хөгжүүлэх боломжтой. Цэх суудаг цагаа нэг нэг хормоор уртасгаж, хүний яриаг илүү нэг өгүүлбэр сонсохоос эхлэнэ.

Зоримог алхам хий

Шинэ ажлын саналд анкетаа явуулах, өрсөлдөөнтэй тэмцээнд бүртгүүлэх, олны өмнө үг хэлэх боломжууд гарч ирсэн бол бүү ай, оролдоод үз. Өөртөө итгэлтэй байж, айдсаа ялан дийл.

Аялах мөрөөдлөө биелүүл

Заавал хол үнэтэй газар руу явах нь гол биш. Очиж үзээгүй газраа нэгээр ч болов багасгаж, үүргэвчээ үүрээд эх орныхоо хаа нэгтээ очоод байгалийн сайхныг үзэж, цэвэр агаар амьсгалах нь ч бас аялал шүү дээ.

Өөрийгөө хайрлаж сурах

Үргэлж уучлал гуйж, зөвшөөрөл авч, сайн хүний дүрд тоглосоор байвал өөрөө өөрийгөө алдахад хүрдэг. Өөрийгөө байгаагаар нь хүлээн авч, ҮГҮЙ гэж хэлэхдээ ч өөрийнхөө талд зогсож сур.

Гоо сайхны дэглэмтэй болох

Арьс, онцлогтоо тохирсон гоо сайхан, арьс арчилгааны дэглэмийг баримталж, түүнийгээ чандлан сахиснаар өөрөө өөртөө итгэх итгэлээ ч нэмэгдүүлнэ.

Өөрийн гэсэн СТИЛЬ, ИМИЖ-ээ олох

Зөвхөн чамд тохирсон  хувцаслалт, стилээ олох нь ажил, амжилтын гараанд маш том ач холбогдолтой. Тиймээс биеийн онцлог, арьсны өнгө зэргээ сайтар судалж ямар хувцас илүү зохимжтой харагдуулахыг нээн илрүүлэх хэрэгтэй.

Дээрх зорилтуудын аль нэг нь чиний амьдралд сайн өөрчлөлтийг авчирна гэдэгт итгэлтэй байна. Биелүүлэх эсэх нь чиний сонголтоос хамаарна. Хэрвээ бидний дурьдсан зүйлүүд таалагдсан бол хадгалаад аваарай. Мөн нэмэх зүйлс байгаа бол бидэнтэй хуваалцаарай.

Хамгийн сайн сайхныг хүсье.

Хүндэтгэсэн,

Born in UB

 

 

 

 

 

 

Published by BorninUB

Fashion Blogger

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started